Дахиад нэг орд нээгджээ. Надад лав таалагдахгүй байна.

Үүнийг сонсоод надад гунигтай санагдсан. Монголд одоо нээгдсэнээсээ илүү их баялаг байдаг гэдэгт би итгэдэг. Тэгэхдээ тэр их баялагыг одоо нээгдээсэй гэж огтхон хүсэхгүй байна.  Яагаад гэвэл шинэ баялаг нээгдэхэд түүнээс хэдий хэрийг нь монголын ард түмэн хүртэж чадах вэ?  Эдийн засаг сайжирах л байх. Гэхдээ тэгэн тэгэн эдийн засгаа сайжруулахыг би л хувьдаа хүсэхгүй байна.   Тэд сайхан байгалийн тэнцвэрийг эвдэж, бүх баялагыг ухаж аваад орхиод явна шүү дээ. Хүний юм бол хүний л юм байдаг. Гадаадын компаниуд  ухаж олсон ашгаа өөрийнхөө нутаг руу авч явахаа мэднэ гэхээс бидэнд ашиг олдоно гэж үү?

 

Өнөөдөрийн Африк ийм ядуурал өлсгөлөнд нэрвэгдсэн нь бүгд л  эрдэс баялагаас л үүдсэн гэж би боддог.   Африкийн ард түмэн европуудыг очихоос өмнө өлсгөлөнд нэрвэгдчихэлгүй соёлгүй бүдүүлэг ч гэсэн  өөрсдийн уугуул нутаг дээрээ аж төрж л байсан. Гэтэл гэнэт их баялаг нээгдээд, уурхай ажиллаад эхэлмэгц эгэл жирийн боловсрол мэдлэггүй африк хүмүүст уламжлалт  газар тариалан нь чамлалттай санагдаж, илүү их ашиг олохын тулд уурхайд ажиллах болсон юм.  Ингээд тэд хэдэн мянган жилийн турш амь зууж ирсэн өөрсдийнхөө газар тариалангаас хөндийрч эхэлсэн, хажуугаар дайны хажуугаар дажин гэгчээр хүн ам нь огцом өссөнөөс өнөөдөр өлсгөлөнд нэрвэгдсэн өрөвдөлтэй хүмүүс болоод байгаа.   Монголд ялгаагүй нэг хэсэг хүмүүс  алт ухаад, хүүхдээ сургуульд сургасан ч юмгүй улааран зүтгэж байгаа. Тэдний ирээдүй их л бүрхэг санагддаг.

Африкийн засгийн газар нь    эрдэс баялагын үнэ дандаа л үнэтэй байх юм шиг сэтгэж маш их  мөнгө гаднаас зээлж эхэлтэл дэлхийн зах зээл дээр үнэт металл, газрын тосны үнэ огцом унасанаар маш их өрөнд орж өнөөгийн африкийн өлсгөлөнгийн бaйдалд хүрсэн билээ.  Африк хүмүүс урьд өөрсдийн нутаг дээрээ амьдарч болоод л байсан. Тэд өөрсдийнхөө уламжлалт зүйлээ алдаж., дээрээс эрдэс баялагаа цөлмүүлэн, ард иргэд нь оюуны бүтээмж муутай гэх зэрэг олон зүйлээс шалтгаалан өнөөдөр хамгийн ядуу орнуудын нэг болсон.

 

Зүүн өмнөд азийн орнуудад ч бас иймэрхүү түүх бий. Тэдний нутгийг бас л цөлмөчихсөн. Хятадууд ч бас нэлээд баялагаа гадаадынханд алдаж байв. 

 

Харин Монголын хувьд Европчуудын колоничилолд автаагүй, хичнээн манжийн эрхшээлд байсан нэртэй ч  зөвхөн улс төрийн талаар хараат байснаас хэтрэхгүй. Манж нар өөрсдөө Монголоос дутахааргүй хоцрогдсон улс байсан болохоор Монголоос баялаг хайгаагүй.  Социализмын   ид үеүдэд дэлхийн зах зээл дээр алтны үнэ хямд байсан гэх зэргээс дэлхийн хараанд тэр бүр өртөлгүй явсаар өдийг хүрсэн юм.  Мөн тэр үед хөгжсөн улсууд Монголд ороход хаалттай байсан.

 

Гэтэл сүүлийн үед    гадаадынхан Мoнголын баялаг руу шүлсээ үсчүүлэн дайрах болжээ. Хэрвээ тэд маш их баялаг нээлээ гэхэд  маш  яаралтай бүгдийг олборлоод алт үнэтэй үед л зарахаа бодно ш дээ. Тэрнээс биш 60 жилийн гэрээ байгуулсан гээд 60 жил налайгаад суугаад байна гэж байх уу? Ямар ч тэнэг хүн байсан ийм хямд ажиллах хүчинтэй газар нээсэн уурхай юм чинь түүнийгээ ашиглаад бүгдийг нь одоо олборлоод маш хурдан үнэтэй байх үед нь зарахаа л бодно.

 

Үнэт металл, алт бүгдээрээ үнийн маш их хэлбэлзэлтэй байдаг. Жишээ нь эдийн засгийн их хямралын 30-аад оны үед   алт маш их үнэтэй байсан.  Тэр үед бүх компаны хувьцаа огцом унаж байхад алтны уурхайнуудын хувьцаа л тогтвортой байж  эзэддээ маш их ашиг өгдөг байв. Түүнээс хойш эдийн засгийн хямрал  аажмаар арилж ирэхтэй зэрэгцэн алтны үнэ буурч,  70-аад оны үед  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсч байсан юм.   Тийм ч болохоор алт хямд байсан 70, 80 онд Оросууд Монголоос алт хайгаагүй байж таарна.

 

Одоо гадаадынхан  хуучин социалист бүлэгт багтдаг байсан орнууд,  мөн удаан хугацаагаар дотоодын дайнтай байгаад, нийгмийн баялагаа дахин хувиарлаж байгаа орнуудын баялагаас  мөнгө олох гэж маш их улайрч байгаа.  Тийм улсуудад Монгол, Куб, хойд Солонгос   гэх мэтийн улсууд ордог юм. Хойд Солонгост хэр их баялаг байгаа бол хэмээн бүгд л алгаа үрэн хүлээж байгаа.  Эрт үед шинэ тив нээн, шинэ баялаг олдог байсан  бол одоо хуучин хаалттай байсан улсуудын баялагыг нээн ашиг олохыг хүссэн хүмүүс маш их бий болсон юм шиг санагдах болсон. Ялангуяа  Хятадууд сүүлийн  15 жил сэхээд,   бусдын юм руу өнгийх болоод байна.  

 

 

 

 

Бас байгалийн тэнцвэрт байдал улам их алдагчихвал яана даа.   Хятадууд  өөрсдийнхөө нутагт хийсэн олборлолтынхоо дараа хүртэл байгалийн нөхөн сэргээлт хийдэггүйгээс  өөрсдийнх нь нутаг элсэн цөл болоод байхад,  Бидний нутгийг бодно гэж үү?  Зүгээр л нэг ашиг хайсан  хоосон ганзагачидад бид баялагаа ашиглуулна гэхэд их л харамсалтай санагдах юм даа.  Ялангуяа Хятадуудад.

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-07-17 17:52:58
надад ч бас таалагдахгүй байна
2. Tlg_UB | 2009-07-17 18:46:38
Хоосон ганзагчдад баялагаа ашиглуулах бодолтой хүн байхгүй гэж л найдая даа.
3. Namara | 2009-07-17 18:58:47
Үр хүүхэд, ач гуч нар минь бидний үеийг хараана байх даа. Ийм байгаль, ийм улс орон, ийм их өр үлдээх гэж хэмээн,.....
4. Simona | 2009-07-24 23:17:32
nadad bas taalagdahgui bn
5. molor | 2009-07-24 23:30:52
Яг л элгээ эсгүүлж, өрөө зуруулж, гэдэс дотроо цувуулчихсан эрэмдэг нэгэн мэт болчихжээ, энэ байгаль дэлхий маань...
Америкчууд Аляскийн нефтээ үр хойчдоо хадгалаад ухаж төнхдөггүй, нэмж хэрэг болсон нефт бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Монголын бараг бүх газар нутаг тэр чигээрээ эрдэнэс, энэ олон Баянжаргалан, Баянчандмань, Баян-Өлгий, Баянхошуу, Эрдэнэ сум, Алаг-Эрдэнэ, Алтан-Овоо гээд дан эрдэнэсээр нэрлэгдсэн газар нутаг бүгд л доороо юмтай байгаа даа. Тарвагатай газрыг Тарвагатай, зурамтайг Зурамтай, Хустайг нь Хустай гэсэн нэршилтэй улс шүү дээ манайхан чинь

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Зочдоо тоолъё